Saturday, July 21, 2012

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ М.Шагдарсүрэн: Бүхнийг амжуулдаг ганцхан нууц надад бий



Шагдарсүрэн эмчийн Маналжавын гэсэн эцгийнх нь нэрийн өмнө “Элэгний” хэмээх тодотгол хамт явдаг. Учир нь энэ өвчнөөр өвдөж, шаналсан олон хүн түүнд үзүүлбэл эдгэрнэ гэж найддаг болоод тэр.  Энэ хүний нэрийн өмнө үүнээс өөр, олон цол гуншин дагалдана. М.Шагдарсүрэн эмч  Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор цолтой. Мөн МЗЭ, МОЭ-ийн гишүүн. МОЭ-ийн дуун хөрвүүлэгч шагналтай.  Хийж, бүтээсэн зүйл ихтой энэ хүн дүрсийн оношлол, судасны мэс заслын эмч. Тэрбээр  30 гаруй жил хүний их эмчээр ажиллаж байгаа нэгэн. Тиймээс “Эрүүл мэндийн мэдээ” сонин энэ удаагийнхаа дугаарын зочноор Монгол Улсын гавьяат эмч М.Шагдарсүрэнг урилаа.   

-Хүмүүс таныг “Элэгний” Шагдарсүрэн гэдэг. Хэзээ­нээс ингэж дууддаг болсон бэ?
-Нэг л мэдэхэд ийм нэртэй болчихсон байсан. Сайхан л санагддаг юм. Хийж байгаа ажлаараа овоглуулна гэдэг сайхан юм билээ. Би эмч мэргэжил эзэмшсэнээсээ хойш 30 гаруй жил  ажиллачихаж. Социализмын үеийн эмч болохоор төгсөөд л эх орны хэрэгтэй газар буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын эмнэлэг рүү явсан юм. Тэнд жил гаруй ажиллаад, аймагт татаг­дан ирж, мэс заслын эмчээрээ ажилласан. Тэнд янз бүрийн л хагалгаанд орж байлаа. Дараа нь хотод шилжин ирж, Кли­никийн III эм¬нэлгийн зүрх судасны мэс зас­лын тасгийн эрхлэгч, эмч хийж, АУИС-д багшилж, одоо “Шагдарсүрэн” эмнэлгийнхээ захирлыг хийж байна

-Таныг ажлынхаа хажуугаар орчуулга хийдэг гэж сонссон. Эмнэлгийн үүдэнд дугаарласан хүмүүсийг харвал зав гардаггүй юм шиг. Эмчлэх, орчуулах ажлынхаа алинд нь илүү цаг зарцуулдаг вэ?
-Мэдээж, эмчлэх ажилдаа өдрийн ихэнхийг зориулдаг. Зарим хүн надаас асуудаг юм. “Хэдийдээ хүнээ үзэж, хагалгаа хийж, хэдийдээ хөрвүүлж орчуулдаг юм бэ” гэж. Хаана урилга, заллага байна, тэнд би амжаад л очно. Энэ бүхнийг амжуулдаг ганцхан нууц надад бий. Би оюутан байхаасаа өглөө таван цагаас хойш босч, орой 12 цагаас өмнө унтаж үзээгүй  хүн. Хүн өдөрт таван цаг унтаад сурчихдаг юм билээ. Оюутан байхдаа маш идэвхтэй байлаа. “Оюутан гэдэг багшийн заасныг чихдэг сав биш. Харин дүрэлзэн асдаг бамбар байх ёстой” гэж манай нэг багш хэлж билээ. Тиймээс урагшаа л явах хэрэгтэй юм байна хэмээн ойлгосон хэрэг.

-Таныг  мэс заслын эмч гэж сонссон. Хэзээнээс “Элэг” сонирхож, энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
- Би оюутан ахуй цагтаа эрдэм шинжилгээний хуралд “Элэгний циррозын үед даралт ихсэх нь” сэдвээр илтгэл тавьж байлаа. Уг нь би мэс заслын эмч. Зүрх судсыг сонирхон судалж байсан юм. Гэтэл надад ховорхон аз тохиож Японы Цүкүбагийн их сургуульд япон хэлний бэлтгэлд суралцаж, Токиогийн Икашика их сургуульд суралцсан юм.  Японд байхдаа тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг дагаж элэгний өвчнийг судсаар оношлох, эмчлэх аргад суралцсан. 

-Манай сонин энэ удаагийнхаа дугаарт элэгний өвчлөл, тэр дундаа хүн амын дунд өвчлөл өндөртэй байгаа элэгний хорт хавдрын тухай ярилцах гэж  таныг зорьж ирсэн юм. Элэгний хавдар хэдийнээс үүсэлтэй юм бэ?
-Дорно дахинд яст мэлхийн хуяган дээр хавдар гэсэн үг ханз үсгээр сийлээстэй байсан гэдэг. Тэгэхээр элэгний өвчнийг дээр үеэс үүсэлтэй гэж үзэж болно. 

-Элэгний хорт хавдрыг  манайхан эмчилгээгүй өвчин гэдэг?
-Элэгний олон төрлийн өвчин байдаг л даа.  Тэр дундаа  элэгний хорт хавдар хамгийн аюултай өвчин.  Эрт илрүүлж, эмчлэхгүй бол эмчилгээгүй өвчний тоонд ордог. Элэгний хорт хавдар манай улсад элбэг тохиолдож байна. ДЭМБ-ын мэдээгээр хавдрыг бага, дунд, элбэг тохиолддог гэж бүсчлэн хуваахад манай улс элбэг тохиолддог бүсэд орсон. Өөрөөр хэлбэл, элэгний өвчлөлөөр Африкийн зарим орнуудын дараа орж байна. Энэ өвчин нь Азийн орнуудад элбэг бол АНУ, Европын орнуудад 100 мянган хүнд 2-3 удаа тохиолдож байх жишээтэй.

-Элэгний хорт хавдар элбэг тохиолдож байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Шалтгаан нь олон л доо. Олон төрлийн вирусын үрэвсэл гэж ярьдаг. А, В, С D гэх мэт вирусаар өвдөөд сайн эмчлүүлэхгүй хүндрүүлчихдэг. Мөн хордлого, архидалт их байна. Архидалт явсаар элэгний үрэвсэл, хатуурал үүсгэдэг. Элэгний хатуу¬рал хавдар болж хүндрэх нь бий. Манайхан нэг үе вируст гепатит (шар)-аар их өвчилсөн. Үүнийгээ сайн эмчлүүлэхгүй бай¬саар элэгний хатуурал, тэр нь 20-30 жилийн дараа хавдар болчихдог.

-Энэ өвчнөөр өвчлөхөд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хавдрын эхэн үе шинж тэмдэг багатай. Гол шинж нь шалтгаангүй бие суларч ядрах, сүүлдээ хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, гэдэс хэвлий дүүрэх, цанхайх зэрэг шинж тэмдэг мэдэгддэг. Цаашилбал гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, турж эцэх, царай харлах, гарын алга улайх, нүдний цагаан шарлах шинж илэрнэ. Хүмүүс ихэвчлэн зовиуртай болсон үедээ эмчид ханддаг. Гэтэл зовиур илэрсэн үед эмчилгээ оройтсон байдаг. Ер нь хэт авиа буюу эхо-гоор 0,5 хэмжээтэй хавдрыг илрүүлж болдог. Мөн цусан дахь альфафетопротейн гэдэг уургийг шинжилж илрүүлдэг. Тэ¬гэхээр хавдрыг хүнд¬рэ¬хээс нь өмнө илрүүлэх боломжтой юм.

-Хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэнэ биз дээ?
-Боломжтой гэж үздэг. Мэс заслаар, туяагаар шарах гэх мэтчилэн янз бүрийн арга бий. Миний хувьд хавдрын дунд үед нь судсан дотуур хавдрыг тэжээх судсыг тусгай бодисоор, бөглөдөг аргаар эмчилж байна. 

-Сүүлиин үед хавдрын өвчлөл залуужиж байна гэж ярьдаг болсон. Хавдар үүсэх олон шалтгаан байдаг ч хүмүүсийн мэдэж байгаа шалтгаанаас дурдахгүй юу?
-Хорт хавдар үүсгэдэг олон шалтгаан бий. Тухайлбал, тамхи татдаг хүн уушигны хавдраар өвчилдөг бол, машины утаа, угаар хавдар үүсгэгч бодист багтдаг. Мөн  хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Архи гэхэд ходоод, гэдэс, элэг, дайвар булчирхай, хөхний хавдрын шалтгаан гэж үздэг бол архи, тамхи нийлэхээрээ хавдар үүсгэх чадварыг улам ихэсгэдэг. Мөн эд эрхтнээ химийн бодисоор цочроогоод байвал хавдар үүсэх зүйл идэж уувал ходоод, улаан хоолойн өвчин үүснэ. Орчны химийн нөлөө, агаар, усны бохирдол ч хавдар үүсгэх шалтгаан болж байна.

-Тэгвэл элэгний хорт хавдраар эрчүүд илүүтэй өвчилдөг нь  архидалттай холбоотой байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Мэдээж эрчүүдийн ууж, иддэгтэй холбоотой. Архи хэтрүүлж хэрэглээд элгээ гэмтээдэг. 

-Хүмүүс сайн чанарын цэвэр архи элгэнд хоргүй гэж ярьдаг. Зарим нь архинаас шар айраг нь дээр ч гэдэг. Ялгаагүй элгийг гэмтээх үү?
-Ялгаагүй ээ. Шар айр¬гийг олон жилийн турш хэтрүүлэн хэрэглэвэл элэгний циррозтой болно.

-Архи уугаад шартах нь элгэнд өөрчлөлт орсны шинж үү?
-Энэ бол элэгний хурц үрэвсэл, хордлогын шинж. Уусан архийг элэг шүүж чадахгүй, хордлогонд орж байна гэсэн үг. Хурц үрэвсэл яваандаа архагшина. Тэгээд дарс уухгүй, эрүүл ахуйн дэглэмийг сахиад явбал элэгний үрэвсэл бүхэн хатуурал хавдар болохгүй. 

-Сонирхож асуухад хүүхдүүд элэгний хавдраар өвчилдөг үү?
-Ховор, цөөн тохиолдоно. 

-Тарган эрчүүд  элэг өөхөлсөн гэж ярих юм билээ. Энэ нь амь   насанд   халтай  өвчин үү?
-Элэг таргалснаас өөхөлдөггүй юм. Хэт авианы шинжилгээгээр харахад элэг цайруу   өнгөтэй харагддаг юм. Амь наснаас холуур өвчин л дөө.

-Манайхан гадаадад явж эмчлүүлэх сонирхолтой байдаг. Элэгний өвч¬нийг дотооддоо оношлох, эмчлэх боломж хэр байна вэ?
-Манайхан элэгний эмчилгээг гайгүй хийж байгаа. Гэхдээ нэг дутагдал бий. Мэдээж багаж, төхөөрөмжийн дутагдалтай. Оношлогооны багаж, төхөөрөмжөөр Хятадын хаана ч хүрэхгүй. Жишээ нь бүх эрхтэний дүрсийн оношлогооны  “МК1”  гэ¬дэг аппарат улсын хэмжээнд ганц ширхэг алга. Гэтэл Хятадын захын хотод байна шүү дээ. Уг нь манай эмч нар мэрийлттэй. Даанч аппарат нь дэндүү хоцрогдож. 
Эмч нар бид сэтгэл гаргаж, хүчээ дайчлан ард түмний эрүүл мэнд, тэр тусмаа элэгний өвчинтэй чадлынхаа хэрээр тэмцэж байна. 30 гаруй жил эмч хийхэд төр засгаас дэмжлэг алга. Би УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид хүртэл хүсэлт бичсэн. Өнөөдрийн хувийн эмнэлгүүд өөрийн гэсэн байр, багаж, тоног төхөөрөмжгүй, зээлд ерөөсөө хамрагддаггүй. Тухайлбал, сайн байр, багажтай болъё гэхэд хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй. Өөрийн гэсэн байр, багажтай байж оношоо зөв тодорхойлж, эмчилгээгээ сайн хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Зөвхөн сонгууль гэхээр улс төржөөд намчирхаж явдгаа болимоор байна. 

-Жил ирэх тусам хавдрын өвчлөл нэмэгдээд л байдаг. Харин улсаас энэ талаар хийж, хэрэгжүүлсэн зүйлгүй суугаад л байдаг. Энэ тухай та эмч хүний хувьд юу гэж боддог вэ?
-Болдогсон бол ирэх сонгуульд жинхэнэ сэтгэлтэй, эрдэмтэй, Монголын төлөө зүтгэх охид, хөвгүүдийг гаргах юмсан. Тэгэхгүй бол улс орон чинь хачин байдалд орлоо. Ганцхан эрүүлийг хамгаалах салбар ч биш бүх салбар ийм байдалд орсон. Үүнийг бодохгүй бол үнэхээр болохоо байжээ гэдгийг хэлмээр байна. Төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Шинжлэх ухааныг хөгжүүлэх, элэгний өвчнийг багасгахад тийм хүч, хөрөнгө, зөв бодлого хэрэгтэй болохоос бус хэчнээн ч алтан толгой байгаад гартаа мөнгөгүй бол юу хийх вэ.

-Тэгэхээр хүмүүс өөрөө өөртөө л анхаарал хандуулах хэрэгтэй байх. Элэгний өвчнөө хүндрүүлэхгүйн тулд иргэд яах ёстой вэ?
-Аль болох өвчлөхгүй байх шалтгаануудыг нь мэдэж сэргийлдэг байх ёстой. Хүмүүст жаахан ч гэсэн эрүүл мэндийн боловсрол хэрэгтэй байна. Зарим вирусээс хамгаалдаг вакцин гарсан. Энэ вакциныг хэд хэдэн насанд яаж хийдгийг мэдэж байх хэрэгтэй. Вирусын эсрэг тариаг Халдварт өвчнийг судлах газар болон нийгмийн эрүүл ахуйн институтэд хийлгэж болно. Би улсын ажил хийдэггүй болохоор үнэхээр мэдэхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх вакцинуудыг хийлгэх хэрэгтэй. Архи дарс хэтрүүлэн уух, зарим хоол элгийг үрэвсүүлдэг. Элгэнд лууван, хүрэн манжин болон янз бүрийн ногоонууд сайн. Элэгний талаар олон жил ажилласан эмч, мэргэшсэн мэргэжилтэн олон байна. Би одоо ядрах тал руугаа орж байна. Ямар ч зүйлд хэмжээ, хязгаар байдаг. Биднийг тэр хэмжээнд тултал явуулж байна шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн эрүүл мэндийн салбарыг яаж удирддаг юм бэ. Дэндүү хоцрогдож байна.

-Элгэнд сайн ямар хоол хүнс байна?
-Витаминлаг ногоо, цагаан идээ чухал. Жимс ногооноос гэхэд тарвас, гадил, усаи үзэм, байцаа, лууван байна. Мөн сүү, цагаан идээ, цагаан будаа ч зүгээр. Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хэ¬рэгтэй.

-Зуны улиралд хүмүүс рашаан, сувилал энэ тэр гээд идэж, уух, биеэ эмчлүүлэх гээд нэлээд анхаарал хандуулдаг. Цагаан идээ ч түлхүү хэрэглэдэг. Гүүний саамыг элгэнд сайн гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Яах вэ дээ намдуухан үед нь хоол тэжээлийн зүйл болохоос элэгний үрэвслийг зогсоох, элэгний хавдрыг эмчилдэг зүйл биш..



No comments:

Post a Comment