Friday, June 28, 2013

Шинэ хүнсний бүтээгдэхүүний шинж чанар


Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр хуурай, салс, өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай цагаан өнгөтэй , хатуу үйрэмтгий шинэ махны өвөрмөц, аятайхан үнэртэй байна.
Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг, салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна.
Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг, ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн,гашуун биш, аятайхан амттай байна.
Өндөг: Хальс нь хатуу, бүтэн,цэвэр, хэт жижиг биш,өнгө, үнэр нь хэвийн байна.
Сүү: Ялимгүй шаравтар туяатай цагаан өнгөтэй, аятайхан амт үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг ба салслаг байж болохгүй.
Гурил: Исгэлэн, хөгцөрсөн, үнэргүй, гашуун эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилны зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас сааралдуу боровтор өнгөтэй байна. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөлгүй, амархан бутардаг байна.
Будаа: Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавьж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадсаар бохирлогдоогүй байна.
Жимс ногоо: Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавьж, мэрэгч, ургамлын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гадны аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ 
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
  • Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг,бусад болголгүй шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
  • Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
Хэрэв....
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
  • Сав баглаа, боодол нь урагдаж гэмтсэн;
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хонхолзож байвал:
  • Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан , гадна тал нь бохирдсон;
  • Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас,хөгц үүссэн байвал;
  • Хиам, өндөг, нарийн боов, стундень, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж борлуулж байвал;
  • Дэлгүүрт зарагдаж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө , үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж
илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. 

No comments:

Post a Comment